Хийдийн хурал номын үйл ажиллагаа
Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь сүсэгтэн олны хүсэлт хэрэгцээнд нийцсэн хурал номын үйл ажиллагаа, шашин соёлын зан үйлийг тогтмол явуулдаг. Үүнд :
1. Өдөр тумын хурал номын үйл ажиллагаа:
· Цогчин хурал
· Жасаа хурал
· Зурхайч
· Гүрэм засалч
· Зул өргөх зулын өргөө
· Сүсэгтэн олны айлтгалын номыг хүлээн авах
2. Долоо хоног тутмын хурал номын зан үйлүүд
· Гүнрэг
· Оройн ерөөл
· Ганжуур
3. Сар тутмын дүйчэн өдрүүдэд хурах хурал номын зан үйлүүд
· Маналын дончод / шинийн 8-нд /
· Хажидын чого / шинийн 10, хуучний 25-нд /
· Сандуйн жүд / шинийн 15-нд /
· Арван хангал / хуучний 29-нд /
· Найдан чого / битүүн буюу 30-нд /
· Чойжал дүгжү / шинийн 9, хуучний 19, 25, 29-нд /
4. Жилийн дүйчэн өдрүүдэд хурах хурал номын зан үйлүүд
· Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсний их дүйчэн өдрөөр хурдаг Чойнбрүл жона буюу Оройн ерөөл. / Хаврын эхэн сарын шинийн 1-нээс мөн сарын шинийн 15-ны хооронд өдөр бүр /
· Бурхан багш тарнийн ёсны Цагийн хүрдний сургаалаа айлдсан их дүйчэн өдөрт хурдаг Цагийн хүрдний үндэс- Дүйжүд нинбо хурал. /Хаврын адаг сарын шинийн 15-нд /
· Жамбын чого хэмээх ном хурж, Майдар эргэнэ. / Зуны эхэн сарын шинийн 3-нд /
· Бурхан багшийн гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэний их дүйчэн өдөрт зориулан хурдаг Бурхан багшийн чого. / Зуны тэргүүн сарын шинийн 15-нд /
· Бурхан багшийн чого / Зуны адаг сарын шинийн 4-нд /
· Жамбын чого / зуны адаг сарын шинийн 6- нд /
· Жахар цам буюу Хүрээ Цам харайх зан үйл. / Зуны адаг сарын шинийн 6-наас эхлэн шинийн 9-нд /
· Бурхан багш Тэнгэрийн орноос морилон ирсний их дүйчэн өдөр. Бурхан багшийн чого хурна. / Намрын адаг сарын 22-нд /
· Богд Зонхов ламын их дүйчэн өдөр буюу Зулын 25-нд Богд ламын чого хурна. / Өвлийн эхэн сарын 25-нд /
· Балин адислагаа. / Өвлийн адаг сарын 26 /
· Хуучин номын хурал, арван хангал хурна. /Өвлийн адаг сарын 27, 28, 29-нд /
· Сор залах / Өвлийн адаг сарын 29-нд /
Хурал номын тухай
Зарим хурал номын товч тайлбарыг энд өгүүлэе.
ГАНЖУУР ХУРУУЛСАНЫ АЧ ТУС
Бурханы зарлигийн шүтээний эрхэм нь ганжуур юм. Энэ нь бурхан Шагжамүни бээр айлдсан сургаалиудын цогц бөгөөд түүний таалал болсоны дараа Ананда тэргүүтэй шавь нар нь анх пали хэлнээ бичиж үлдээсэн билээ. Хүн төрөлхтөний оюуны сан шавхагдашгүй арвин баялаг болохыг илтгэн харуулсан энэ гайхамшигт бүтээлийг өнөөг хүртэл төвд, монгол хэлнээ олон арван удаа есөн эрдэнэ болон бэхээр хэвлэсээр ирсэн.
Монголчууд бид Цахарын Лэгдэн хааны /1629/ үед, түүний зарлиг ёсоор болгомол хөх цаасанд алтан үсгээр цор ганц хувийг урлан бүтээсэн тэр цагаас хойш дөрвөн зуу гаруй жил улиран оджээ. Энэ нь монгол дахь бичмэл ганжуурын эх нь юм. Ганжуур нь винай буюу явдал мөрийн ёс цаазыг тогтоосон нэгэн аймаг, судар буюу тогтсон тааллын үүднээс аливаа юмсыг цэгнэх үзлийн нэгэн аймаг, абидарма буюу дотоод бясалгалыг эрхэмлэн номлосон нэгэн аймаг буюу гурван аймаг савын номыг багтаасан байдаг.
Бурхан багш хамаг амьтаны тусад айлдвар сургаалиа хайрлаж, номын хүрдийг олонтаа эргүүлж байсаны гэрч баримт нь ганжуур мөн бөгөөд “зарлигийн орчуулга” гэсэн утга бүхий нэр юм. Хүмүүн бидний дотоод сэтгэлд орших олон тоот муу гэм атхагыг дарж, энэ насны сайн сайхан амьдрал төдийгүй, дараа дараагийн төрөл тутамдаа амар амгалан, төгс гэгээрэлд хүргэхийн тухайд арга замыг нь зааж өгсөн шижир алт мэт ховор нандин сургаалиудыг багтаасан номун далай билээ.
Тиймээс бид, эртнээс өөрсдийн оюуны хэрцээгээр шимтэн судалж, сүжгийн хэмжээгээр шүтэн дээдэлж буян заяагаа түвшитгэн ирсэн уламжлалтай.
Гурван аймаг савын номонд билгийн нүдийг нээсэн монголд төдийгүй дэлхий дахинаа алдар суугаа дуурсгасан эрдэмтэн мэргэд олон зуугаараа бидний дундаас төрөн гарсан, ирээдүйд ч мөн дамжиггүй төрнө. Мөн “салхи оруулах”, “донтор сөхүүлэх”, “тоослуулах”, “үзэг тооллуулах” зэрэг аргаар ганжуур хуруулж, өвчин, ад, тотгор саадаа арилгаж, энэ насны эл зүйлийн хамаг л ажил үйлээ даатган залбирч, ач тусыг нь хүртэж ирсэн агуа соёлтой ард түмнүүдийн нэг нь монголчууд бид билээ.
Дээрх аргуудын алин нэгээр сүжигт сэтгэл үүсгэн хуруулсан таны буяны чуулган үлэмж арвидан, амь нас, буян заяа тань батжин дэлгэрч, өнгө зүс, оюун ухаан тань сайжран, саруулсаж, сэтгэл санааны төдийгүй биеийн амар амгаланг эдлэх болно.
Эрхэм өглөгийн эзэн таны сүжигт сэтгэлийн хүч, ариусан дэлгэрсэн ялгуусан бурханы адистэтийн хүч, дээдийн номын үнэмлэхүй гүн гүнзгий утга, хоосон чанарын хүч цогцлон, таны болоод хамаг амьтаны юу санасан сайн хүсэл бүхэн тасралтгүй бүтэх болтугай!
ИТГЭЛ / аврал одуулахын хөтөлбөр /
Бурханы шашинтан мөн эсэхийг “бурханд аврал одуулдаг, эс одуулдагаар нь” ялган мэдэх шалгуур байдаг. Тиймээс лам хувраг нар өглөө, оройд амны уншлага унших ба аливаа бясалгал, тухайлсан хурал номын эхэнд заавал унших ёстой номыг итгэл гэнэ.
Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан их долоон орны өдөр тутмын цогчин уншлага итгэлээр эхлэдэг уламжлалтай. Уг уншлага нь арван зүг, гурван цагийн хамаг ариусан дэлгэрсэн Бурхадад итгэл одуулж, залбирч, улмаар эх болсон хамаг амьтанд нөхөрлөн үйлдсэнээр, нэрвэгч төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонгоос нь амирлуулъя гэх бодь сэтгэлийг үүсгэнэ.
Энэ нь их төрөлхтөний эрхэм үүрэг мөн бөгөөд шалтгаан үрийн мөнхийн гинжин холбоосийг тасар татахын тухайд бурханы шашны гүн ухаан, үзэл онолын охь шимийг хүртээн, гэгээрэлд хөтлөх учиртай. Их, бага ухааны арван орон, чойрын таван ботийн тахилын шүлэг сэлтийг аврал одуулах, сэтгэл үүсгэх, цаглашгүй дөрвийг бясалгасны дараа нь оруулан уншдаг монголын гэж болохуйц өвөрмөц уншлага билээ. Итгэл уншигдаж байх үед та “чухаг дээд гуравт би бээр бодхи хутаг хүртэлээ итгэмү.
Энэ үйлдсэн сайн үйл үүгээр хамаг амьтанд тус болж бүгдээр бурхан болох болтугай” хэмээн сайтар бодон, даган баясахын зэрэгцээ бурханы шашинтан болсон учир бусдад хорлол хүргэхгүй байх ам тангараг авсан гэдгээ цаашид умарталгүй санаарай.
ДАШЧАРВЭВ САН, ДАЛЛАГА
Өлзий хутагын хурыг буулгагч хэмээх энэхүү санг Халхын Өндөр гэгээн Занабазар өөрийн номын багш Чойжанцан богдоор айлдуулсан гэдэг. Олон амьтан нэрвэгдэн зовсон ган, зуд болж, өвчин тахал дэлгэрч, хүмүүний сэтгэл, үзэл хурцадаж ирэх үед гүрэм засал болгон зохиолгосноор дээрх бүгд амирлан, хур тунадас цаг цагтаа орж, үр жимс хугацаандаа боловсорч, олон шавийн явдал үйл ном ёсчлон аяандаа ба тасралт үгүйгээр бүтэх учиртай ажээ.
Уг уншлагын үед та өөрийн нэр цээрлэсэн лам багш, бурхан шүтээнээ дараалан залран ирж, таны бэлтгэсэн тахил, идээ, анхилам үнэртэн зэргээс таалж, сэтгэл нь баясч, “би болон намайг тойрон хүрээлэгчид, хамаг амьтан бүгдийг доройтуулагч сэтгэлийн гэм, тотгор бүхэнг хоцроолгүй дарж, хорин долоон од тэргүүтэй гариг, лусын эздийн хорлол хөнөөл буцааж, улмаар нас, бие тэргүүтэн батжин, хийморь дэлгэрч, зам мөр тэгширлээ” хэмээн санаарай.
Даллагын үед урдчилан идээ бэлтгэсэн байх шаардлагатай. Идээг өөрийн эдэлж хэрэглэдэг идээ ундааны охь дээжээр бэлтгэж, цэвэр үзэмжтэй засч бэлтгэх ёстой. Даллага авах үест өвчин үгүй урт наслахын тул Цэвагмэд бурханд, эдлэл хэрэгсэлээр үл хоосрохын тулд Намсрай тэргүүтэй бурхад, эдийн тэнгэр нугуудад, өнгө зүс эрхэн ялдар хүмүүний сэтгэлд тааламжтай болохын тухайд үзэсгэлэн төгс Охин тэнгэрүүдэд, ухаан саруул, эрдэм боловсрол сайтай болохын тулд Манзушри зэрэг бурхадад даатган, залбирч, хишиг буяныг нь даллах учиртай.
ХИЙМОРИЙН САН
Уг уншлагын үест адистэд, сэд бүтээлийг хайрлагч багш, ядам, чухаг дээд гурвын чуулган, баатар дагинас, шашны сахиус нугууд та болон энэ цаг мөчид хамт байгаа бүх хүмүүсийн хийморийг бадраан дэлгэрүүлэхээр залран ирлээ хэмээн санана. Аливаа бэрх хар хүчийн өмгийг даран сөнөөж, цагаан зүгийн сайн санааны үйл бүхнийг дэмжин дэлгэрүүлэх ам тангарагын дагуу бэлэгдэн өндөр газар хийморийн дарцаг хийсгэдэг бөгөөд ингэснээр ахуй үес буюу энэ насны доройтол бүхэн амирлаж, ажил үйл сайжран дэгжих ёстой.
Тиймээс “хамаг амьтан ялангуяа миний нас, буян, цог учрал, хийморь арван зүгтээ дэлгэрч, ном болон ертөнцийн хүссэн хэрэг бүхэн бүтэжх болтугай” хэмээн залбирч суугаарай.
МАНАЛ
Таван цөвүүн дэлгэрч, амьтны үйлийн эрхээр танигдаж, эмчлэгдэхгүй бие ба сэтгэлийн хүчир өвчин тахал арвидан, үгээгүй ядуус олширох цагт, энэлэн зовсон хамаг амьтанд шадарлан цаглашгүй тусыг хүргэх Оточ Манла бурхан голлон Цанлэгринчэн, Да-ян жалбу, Сэрсандимэд, Нян-ан мэдчог, Чойдагжамц, Ончэнжалбу хэмээх долоон нөхрийн хамтаар гэгээрлийн мөрт эргэлт буцалтгүйгээр хөтлөн нөхөрлөх ёстой билээ. Залбирал, зүрхэн тарни, ерөөлийг өдөр тутам хэрэглэхэд гарт амраар эрхэм уншигч авгайд хүргэвээс:
Их нигүүлсэл нь бүхэн дор тэгш ЯЛЖ ТӨГС НӨГЧИГСӨН
Гайхамшигт алдар төдийг сонссоноор муу заяаны зовлонг амирлуулагч
Гурван хорын өвчнийг арилгагч ариусан дэлгэрсэн Манла
Их эрдэнэ биндүръяагийн өнгөт дор сөгдөн мөргөмү.
Дадятом, бэха(н) -зи бэха(н) -зи маха бэха(н) -зи бэха(н) -зи, ра-за самүд-гадэ суухай.
Буян үүгээр түргэнээ би бээр Эмийн хаан дор болоод
Булт амьтан нэгийг ч үлдээлгүй Эмийн хааны газар дор байгуулъя!
НОГООН ДАРЬ - ЭХ
Жанрайсэг бурхнаас нааш дамжин ирсэн Дара-Эхийн залбирал, мөргөл, тахилгын судар нь өгүүлшгүй тус эрдэмт агаад үүрээр эртлэн босч, сүсэгт сэтгэлийг үүсгэн нэрийн төдийг ч болов дурдан санваас аюулгүй бүгдийг өгөгч, хилэнц бүгдийг машид амирлуулагч, муу заяа бүгдийг даран сөнөөгч алх мэт, ад хийгээд халдварт өвчин, хороор нэрвэгдсэнд ч зовлонг даран туслагч болохыг магтан сайшаасан байдаг. Уг залбиралыг олонтаа унших, уншуулах, уншихад даган баяссанаар хүү хүсэгч бээр хөвүүн олж, эд хүсэгч бээр эд агуурс олох зэрэг цагаан зүгийн хүсэл бүхэн бүтэх учиртайг санаарай. Мөн шашны өглөгийн эзэн болсон бид бүхний болоод Бурханы шашин эрдэнэ ч бууралт үгүй дэлгэрч байхын ерөөл, хүслийг ч санан сэтгэх нь гагц өөрт төдий бус хамаг амьтанд ч нэн тустай.
“ГЭТЭЛГЭГЧ ЭХ” НОГООН ДАРЬ ЭХИЙН ТУХАЙ
Юуны өмнө лам чухаг дээдэд итгэл одуулж, үйлсээ даатган, мөргөл үйлдэх нь зохистой. Иймийн тул “Арван зүг, гурван цагийн хамаг бурхдын мөн чанарыг нэгнээ хураан цогцлоосон язгуурын болон дамжлагын лам дээдэст мөргөмү”.
Учир юун хэмээвээс: “Багш үгүй ахуй аваас, Бурхан хэмээхийн нэр ч үгүй”-н тухай судар, шастирт мэргэд тэмдэглэсэн байдаг. Эгнэгт зовлонгоос гэтэлж, нирвааны мөрд буцалтгүй орохын мөрийг эндүүргэгүй заан үзүүлэгч Бурхан, бодтой аврал болсон Ном, авралын мөрд нөхөрлөн, замчлагч Сонсоо сонсоочийн хувраг сэлт чухаг дээд гуравт бишрэнгүйгээр сөгдөн мөргөе.
Эдүгээ бид үйлс мөрөө даатгахаар шүтээний орны төвд, өмнийн агаарт залсан гэтэлгэгч Ногоон Дара эхийн өлмийн лянхуад сөгдөн мөргөе. Ийн зоригдон буй авралын орон нийтэд сүсэг үүсгэхийн тухайд тэдгээрийн лагшин, зарлиг, таалал, үйлсийн эрдмийг дурдан санаарай. Дара эхэд залбиран мөргөж, сүслэн унших залбирлын журмыг Ботала ууланд тоолшгүй Бурхан, Бодхисадва, тэнгэр, лус, ягчас нарын дунд хутагт Жанрайсэг бээр анхлан айлдсан билээ.
Жанрайсэг бурхнаас дамжин нааш ирсэн Дара эхийн залбирал, мөргөл, тахилгын судар нь өгүүлшгүй тус эрдэмт агаад үүрээр эртлэн босоод сүсэгт сэтгэлийг үүсгэн нэрийн төдийг ч дурдан санах болвоос аюулгүй бүгдийг сайтар өгөгч, хилэнц бүгдийг машид амирлуулагч, муу заяа бүгдийг даран сөнөөгч алх мэт, ад хийгээд халдварт өвчин, хороор нэрвэгдсэнд ч зовлонгийн галт гууг даран туслагч болохыг магтан сайшаасан. Тиймээс чин сэтгэлээсээ сүслэн хоёр, гурав, долоо гэх дарааллаар олонтаа уншваас хүү хүсэгч бээр хөвүүн олж, эд хүсэгч бээр эд агуурс олох тэргүүтэн цагаан зүгийн хамаг хүсэл бүгд Бурханы үйлсийн эрдэм бүтэх ёсоор аяандаа болон тасралтгүйгээр бүтэх учиртайг зарлигласан байна.
Гэтэлгэгч Ногоон Дара Эхийн гарсан ёсны тухай та бүхэнд дурдахын төдийгөөр сэтгэл үндсэнд тань буй сүсгийн хөрөнгө сэргэж, сайн үйл улам аривдана гэж найдаж байна. Эрт урьд цагт бурхан Аада хэмээх залран ахуй үест түүний шашин номд үлэмж сүсэгтэй Ейшэдаваа хэмээгч нэгэн байв. Тэрээр хааны охин бөгөөд бурхан Аада болон дагалдан яваа олон шавь Бодхисадва нарт өргөл тахилыг өдөр бүр хэмжээлшгүйгээр бэлтгэн өргөдөг байжээ. Сайтар хичээн үйлдсэн буяны үрээр түүнд бодхийн дээд сэтгэл төрч, аяга тахимлагуудын олонтаа дуртган сануулсан ёсоор амьтны тусыг төрөл тутмаа зохиохын тангараг тавьж “Энд эрэгтэй гэх ч үгүй бөгөөд эмэгтэй ч үгүй, эзэн үгүй, бодьгалс үгүй бөгөөд тийн ухаарагч ч үгүй. Эр, эмд зүүн нэрийдэх энэ нь хэрэггүй, ертөнц муу оюунаар тийн улмаа эндүүрэх болно” гэх зэрэг олныг айлдав.
Улмаар эрэгтэйн дүрээр бодхийг хүсээчин олон. Эмэгтэйн дүр байдлаар амьтны тусыг үйлдэгч хаана ч үгүй тул орчлон хоосрох хэзээ болтол эмэгтэйн дүрээр амьтны тусыг зохиохын тангараг тавьсан юм. Улмаар хүслийн таван зүйлийн эрдэмд мэргэшин, бясалгалд оршсоноор эгэл хүмүүний ном ёсонд тэвчлийг олж, амьтныг зовлонгоос гэтэлгэх самадийг бүтээснээр эрхшээлийг олж, үдээс өмнийн зуурт олон амьтан хүмүүний ертөнцөд дуршин шунах сэтгэлийн хүлээсийг тасар татсан тэргүүтэн үйлс ханьцашгүйг зохиосон.
Учир тиймээс нэрийг нь “Гэтэлгэгч эх” хэмээх болсон ажээ. Бурхан Аада ч бошго үзүүлж, ирээдүйд илтээр бодхийн хутаг олохын цагт Лхаму Долма хэмээх нэгэн болохыг айлдсан. Тог-ба мэд-ба нэрт галавын үест аяга тахимлаг Хир үгүй гэрлийн гэгээ хэмээх нэгэнд их нигүүлслийн авшиг арван зүгийн хамаг бурхад гэрлээр хүртээж, тэрээр рид хувилгаан үзүүлж Жанрайсэг болсон.
Мөн дахин айлдлын мөн чанарт билгэ билгүүний их гэрлийн авшиг хүртээхүйд таалалаас нь Лхаму Долма хувилан бүтсэн гэдэг. Бурхадын үйлсийг дүрсэнд ургуулсан энэхүү Гэтэлгэгч эх нь хамаг амьтныг найм болон арван зургаан тоот аюулаас сахин хамгаалах тангараг тавьсан билээ. Ногоон Дара эхийн гарсан ёсыг товч төдий дурдваас ийм бөгөөд эрдэм үйлс, сонсож ханашгүй домог цадигаас нь өгүүлвээс магад нэгэн нас ч богинодох бизээ. Тиймээс та бүхэн дан ганц өөрийн амин хувьд хичээсэн санаагүйгээр хамаг амьтан миний үйлдэн буй энэ буяны үрээр зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаасаа ангижирч, эв эетэй зохилдон оршиж, төгс гэгээрлийн бодхи хутгийн дээдийг эрхшээх болтугай хэмээн сайтар санаж, Ногоон Дара эхэд залбирах хэрэгтэй.
Үйлдэн буй хамаг буянаа багш дээдсийн буяны далайд өргөж, хэзээ бодхи хутаг олох хүртлээ шамшаагдалгүйгээр хадгалуулахын тухайд зорьж өргөвөөс сайн болно.
ЦАГААН ДАРЬ - ЭХ
Бурхан бүгдийн хамаг амьтны тусыг бүтээнэ хэмээн амалсан болон гурван цагт залран бүтээсэн, бүтээж буй, бүтээх үйлсийг дүрсэнд ургуулваас цагаан Дара- эх мэт нүднээ тааламжит, сэтгэлд зохист, намар цагийн үүл үгүй тунгалаг огторгуй мэт дүр дүрс ургах учиртай. Тиймээс цагаан Дара- эх нь бурхадын үйлсийг дүрсэнд ургуулсан үйлсийг бүтээгч бурхан юм.
Олны тусад сайн үйлийг бүтээхэд өвчингүй, урт настай байх шаардлагатай бөгөөд цаг бусын доройтуулагч шалтгаануудыг буцаан, юу санасан цагаан зүгийн үйл хэргээ даатгаарай.
ДАШИ
Аливаа хурал ном хурж гүйцэхийн өмнө тэрхүү үйлдсэн буянаа муу заяаны төрлийн орон хэдий хоосрох болтол аривдан оршиж, хамаг амьтан нийтээр бурханы ариун оронд төрж, төгс гэгээрлийн хутаг эрхшээхийн хувь хөрөнгө болтугай хэмээн арван зүг, гурван цаг бүхэнд заларсан их буянтануудын далай мэт арвин бодхи сэтгэлийн буяны чуулганд өргөх уншлага байдаг нь “Өлзий хутаг оршиох зориулга” буюу Даши юм. Энэ үест та өөрийн биечлэн оролцсон энэ буяндаа баясах сэтгэл үүсгэн, “хэзээ бурхан болох тэр цагт хөрнгө нь болох болтугай” гэж сүслэн залбираарай.
МИГЗЭМ
Энэхүү залбирал нь үүрэг зориулалтаасаа болж хэд хэдэн янз байдгаас хамгийн түгээмэл нь таван шадны мигзэм юм. Үүнийг уншихдаа хамаг бурхадын нигүүлсэнгүй мөн чанарын цогц нь Аръяабал, билиг ухааны цогц нь Манзушри, хүч чадлын цогц нь Очирваань бөгөөд энэ гурвын мөн чанарыг Богд Зонхава өөртөө агуулсан хэмээн сүслэн, шид бүтээлийг гуйн хүсэх учиртай. Уг залбиралыг хурлын эхэн ба адагт тогтмол уншдаг юм.
ЯМАНДАГ
Тантарын дөрвөн аймгийн бурхадын чуулганы их ядам Ямандаг буюу Аюусган үйлдэгч нь хилэнт дүрээр заларч, алин номхотгон үйлдэгч шавийн тус хэргийг зохиодог бөгөөд шашны сахиул номыг тэтгэгчдийн хаан юм. Тиймээс аливаа тахилга үйлдэхийн өмнө түүний бүтээл, бясалгал алин болох нэгийг дэлгэр ба хураангуйгаар унших ёсон түгээмэл байдаг. Энэ нь хийж буй үйлдээ тотгор саад оруулахгүй, ёсчлон бүтээхийг залбиран даатгаж байгаа хэрэг бөгөөд бусад арвис тарни урин унших, сэд бүтээлийг олоход ч хүчийг өгдөг учиртай.
Хилэнт дүр байдалтай бурхад нь хүмүүний сэтгэлд орших тоолшгүй муу атхаг гэмийг дүрсэнд ургуулж, тэднийг товроглон устгахыг бэлэгдэн элдэв багж зэмсэг агсаж, хорт могой, барс, хүн дүрст элдэв зүйлээр чимэглэсэн байдаг билээ. Тиймээс тэдгээрийг бодтой хүн, амьтанд эндүүрэн сэжигдэх нь төөрөгдөл болох бөгөөд ямараар номхотгох учиртай түүнд тийм дүр байдлыг үзүүлэн засах ёстой гэдгийг сэнхрэн ухтугай.
НАМСРАЙ
Сайн үйлийг бүтээхийн тухайд зоригдогч хүмүүнд өвчин үгүй урт нас үлэмж хэрэгтэй байдаг. Энэ мэт орчлонгийн амгаланд дуршин, улмаар төгс эдлэл элбэг дэлбэг болохыг мөрөөсөгч бээр шамдан хөдөлмөрлөхийн зэрэгцээ эд өлөгийн хишиг хайрлагч бурхдад залбиран тахилга үйлдэх арга бий. Намсрай нь дунд төрөлхтөн буюу гагц өөрийн тусад орчлонгоос гарахыг хүсэгч бодьгалын шүтээн юм. Орчлонгоос шунлаа буцаахын тулд буй юмс бүхнээс уйсах сэтгэлийг төрүүлэх ёстой бөгөөд энэ нь гагц хомс үгүй төгс эдлэлийг эдэлж, тэдний мөн чанарыг угтаа жаргалан авч ирж чадахгүй болохыг нь мэдэрсэн тэр цагт л төрдөг ажээ.
Учир иймээс төгс гэгээрлийн замд эргэлтгүй орохын уг болгон шүтэх эрхэм ёс буй агаад нөгөө талаар үгээгүй ядуу өлсч, ундаасахын зовлонд нэрвэгдэгч хамаг амьтанд туслахыг хүсэн хишиг буян гуйж Намсрай, Говийн лха зэрэгт аврал одуулж, үйлсээ даатгаж болно.
ХУУЧИН НОМЫН ХУРАЛ буюу ГУРВАН ӨДРИЙН ЯАМ
Эрт цагаас Бурханы шашин Монголд дэлгэрч олон сүм хийдүүдэд арван догшидын бүрэн тахилгыг сар бүрийн шинийн хорин есөнд хурсаар ирсэн. Жилийн эцэс өвлийн адаг сарын энэ гурван өдөрт 10-н хангалынхаа уншлагыг эртнээс уламжлал болон тогтсон дэг ёсны дагуу хурдаг юм.
АРВАН ХАНГАЛ
1. Ямандаг буюу Жигжид
2. Чагдор буюу Очирваань
3. Махагал буюу Гомбо
4. Гонгор
5. Чойжал
6. Балданлхаму
7. Шалши
8. Намсрай
9. Жамсран
10. Цанба
Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд хурж буй номын жагсаалт
Тус хийдэд сүсэгтэн олны хүсэлт захиалгын дагуу өдөр бүрийн айлтгалд 100 орчим төрлийн ном судруудыг уншдаг ба сард өдөр бүрийн айлтгал номоос гадна шашны зан үйлийн холбогдолтой 10 гаруй томоохон хурал номыг хурдаг бөгөөд хурал номын тогтсон үнэ тарифгүй, сүсэгтэн өөрийн итгэл сүсгээр хандив, өргөлөө өргөж хичнээн ч ном судрууд айлтган хуруулж болно.
1 Алтан ганжуур Энэ ба хойд насны буянд
2 Алтангэрэл /Сэр од/ Энэ ба хойд насны буянд
3 Алтангэрэлийн даллага Эдээр элбэг баян байлгахад
4 Авидын чого Өнгөрсөн хүний хойтын буянд
5 Арван хангал Бүхий л аюул зовлонгоос аврах
6 Ариун сан Аливаа бузрыг арилгах
7 Арван гурван сан Аливаа бузрыг арилгах, байгаль эх дэлхийгээ аргадах
8 Бадам хатан Ажилүйлс бүтээх, гэр орон амгалан байлгах
9 Базар сад Мэнгэний засал, гэм алдаагаа наминчлах
10 Балган донойн сэржим Хулгайн бузрыг зайлуулах
11 Банзрагч Хүүхэд болон малын өвчинд
12 Барчид ламсэл Гай барцадыг арилгах
13 Бардсолдив Өнгөрсөн хүн дараа төрлөө хурдан олох
14 Бумчин Хүүхэд тогтоох, өвчингүй байлгах
15 Бага манал Өвчин эмгэгт
16 Бурхан багшын нялчог Хүүхдийн өвчинд
17 Гавсүмба Эрүүл энх аз жаргалтай байлгах
18 Гар юм Заслын ном
19 Ганшигууд ажил үйлс эрүүл мэндээ сахиусандаа даатгах
20 Говий лха Айлын жил золгосоны болон хүний сүлд хийморь сэргээх
21 Гомбо /Махагал/ Аюул ослоос хамгаална
22 Гомбо Гонгорын сэржим Ажил үйлс бүтээх, аюул ослоос хамгаална
23 Гурван гүрэм Үхээрээс бузартах, хулгай дээрэмд өртөх, гай барцад зэргийг арилгана
24 Гүсэн түгийн мандал Бие, хэл, сэтгэл гурваа бурханд даатгах
25 Дагий жанчив Ажил үйлс бүтээхийн ерөөл
26 Дадог сэрсүм Ажил үйлс бүтээхэд
27 Дамчой бадгар Өвчин эмгэгт
28 Дар эхийн сан, даллага Ажил үйлс бүтээх, буян хишиг арвижуулах
29 Дар эхийн мандал шиваа Ажил үйлс бүтээх, жирэмсэн хүнд
30 Дашдондов Аян замын засал, хулгайн гарз хаахад
31 4 уулын сан. сэржим Газар лус аргадах, газар дэлхийн эздийг баясгах
32 Дашзэвэг Шинэ гэрт орох, ннүх суух, ажил үйлст
33 Дашчирав сан.даллага Бүхнийг ариусгах их сан. Буян хишгийн сан
34 Догсүм Ажил үйлс бүтээх, хийморь сэргээх
35 Доди галсан Өвчин зовлонгоос ангижруулах
36 Доди жажа Өвчинг үтэр түргэн арилгах, мэнгэний засалд
37 До дүдва Буян хишиг, эд хөрөнгө тогтооход
38 Дорж дэрэм Хар цагаан хэл ам арилгах
39 Дорж жодов Муу зүүд арилгах, энэ ба хойд насны буянд
40 Дорж намжим Аливаа бузрыг арилгах
41 Дүншиг Хилэнц нүглээ наминчлахад
42 Див сан Аливаа бузрыг арилгах
43 Дэвжид сэржим Гай барцад, хорлолыг арилгах
44 Дэмчиг молом Ашиг орлого өсгөхөд
45 Дэмбэрэл додба Хийморь лундаа сэргээх, хишиг буян арвижуулах
46 Дамцагдоржын дайв Эв түнжинг сахих
47 Далха Заслын ном
48 Жадамба Энэ ба хойтын буянд, санасан үйлс бүтээх
49 Жайвий чойжад Бүх төрлийн засалд
50 Жамбал цанжид Заслын ном
51 Жамбын чого Энх амгалан амьдрах, нас уртсгах, буян хишиг арвижуулах
52 Жамсран Бүхий л аюул ослоос хамгаална
53 Жамсрангийн сан сэржим Аюул ослоос хамгаалах, хатуу үйлд
54 Жанаг гагдог Харш жил, мэнгэ суудал хар хэл амны засал
55 Жанлав цогзол Эв түнжинтэй байлгаж, барцад арилгах
56 Жанцан зэмүү бүнжин Өвчин арилгах, хийторь лундаа сэргээхэд
57 Жигжид Хамаг аюул ослоос хамгаална
58 Загд зүсэм Хүүхдийн энх тунх өсөн торниход
59 Зүгдор намжил Заслын ном
60 6-н ерөөл Энэ ба хойд насны буянд
61 Итгэл Бурханд аврал одуулахад
62 Ламаадан Оюун ухаан хурц сэргэлэн байлгахад
63 Ламын чодовын цогчид Бурхан багш, лам багшыг шүтэж буян хишиг гуйх
64 Лүй ванган Лус савдагын засал
65 Лусын сан Луёыг аргадах, бузрыг арилгах
66 Лүйагидсүн жандол Бие хэл сэтгэлийг ариусгах, ажил үйлс бүтээхэд
67 Лхам Аюул ослоос хамгаалах
68 Лхамын сан сэржим Хийморь сэргээх аливаа гай барцад арилгах
69 Лхам Норжмаан сүн Хулгайн бузрыг зайлуулах, хохирол гарзгүй байлгах
70 Лхоготой гүнрэг Өнгөрсөн хүний төрлийг дээшлүүлэхэд
71 Лүмбэнгарав Гал усны аюул, лус савдаг аргадахад
72 Ланчиг дором Заслын ном
73 Ламрим молом Ажил үйлс бүтээхэд
74 Найдан Энэ ба хойд насны буянд, ажил үйлсээ бурханд даатгах
75 Найдан чого Айл гэрт буян хишиг тогтоох, гарзгүй байлгахад
76 Найман гэгээн Шинэ газар буух, шинэ гэр барих зэрэг бүх төрлийн засалд
77 Намдаг сан даллага Газар лус аргадах, буянхишиг арвижуулах
78 Намсрай Буян хишиг, эд хөрөнгө тогтооход
79 Намсрай сан даллага сэржим Буян хишиг арвижуулах, эдээр элбэг байлгах
80 Намхай нямбуу Огторгуйд өнцөгдсөний засал
81 Ниваа гүнсэл Гай түүтгэр бүгдийг арилгах, заслын ном
82 Нит Өвчинг арилгахад, заслы ном
83 1000-н ногоон дарь эх Өвчин гай барцад, муу цээр арилгахад
84 Нүрзэд Ажил үйлсыг нэн даруй бүтээхэд
85 Оройн ерөөл /Овоо маань/ Өнгөрсөн хүнд буян үйлдэх
86 Очирваань Аюул ослоос хамгаална
87 Очирвааний сан сэржим Ажил үйлс бүтээх, аюул ослоос хамгаална
88 Ондогжан Заслын ном
89 Уманжүг Заслын ном
90 Усан балин Заслын ном
91 Палчин Заслын ном
92 Саа юм Заслын ном
93 Санжид молом Энэ ба хойд насны буянд
94 Санжид моломын сэржим Хулгай дээрмээс сэргийлэхэд
95 Сундуй Бүх төрлийн засалд
96 Сүр Өнгөрсөн хүнд
97 Сэдэд /Ц.шүхэрт, Дугар/ Цагаан хэл амыг хаахад
98 Сэн дом Хэл амны гай барцад арилгах
99 Сэдэдийн сэржим Цагаан хэл амыг хаахад
100 Тарав чинбу Муу төрөлд төрөх аюулаас аврах
101 Таван хаан. Сэржим Ажил үйлс бүтээхэд
102 Улаан юм Өвчин эмгэг, айлын цээр арилгах
103 Үлгэрийн далай Буян хишиг, цог заль дээшлүүлэх
104 Хажидын чого Аливаа гэм барцадыг арилгахад
105 Хамчу нагбу Хар хэл амыг хаахад
106 Хамчу гарбу Цагаан хэл амыг хаахад
107 Хамчу нагбын сэржим Хар хэл амыг хаахад
108 Хийморийн сан Хийморь лундаа сэргээх, хишиг буян арвижуулах
109 1000 цагаан дарь эх Үйлс бүтээх нас буян уртасгах
110 Чаа сүм Газар лусыг аргадахад
111 Чойжоо Аюул ослоос хамгаалахад
112 Чойжоогийн сан сэржим Ажил үйлс бүтээхэд
113 Чойжоо дүгжүү Гай барцадыг арилгахад
114 Шалши Аюул ослоос аварна
115 Шалшийн сэржим Санасан санааг бүтээхэд
116 Ширнэн Гай барцадыг хаахад
117 Юмжай брэндүйн сүм Нас буян уртасгах, өвчин зовлонг арилгахад
118 Ямбий дончир Олзны үүд нээж гарзын үүдийг хаахад