Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн танилцуулга
Өнөөгийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг Хамба лам Ч.Дамбажав, дархан цорж лам асан С.Чадраабал нарын буянтай лам нарын санаачлага, идэвхитэй зүтгэлээр Нийслэл хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох Зүүн хүрээний гучин аймгийн дугануудаас үлдэж хоцорсон Эрхэм тойны аймаг, Вангайн аймгийн дуганы буурь суурин дээр XYII-р жарны цагаан морин жилийн зуны суул сарын шинийн дөрвөний Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 1990 оны 7-р сарын 26-ны өлзий буян бүрдсэн сайн өдөр дахин сэргээн байгуулсан юм.Тухайн үед дахин сэргээн нээгдэж буй хийдэд Энэтхэгийн элчин сайд Бакула ринбүчэ багш яруу сонсголонт агаад утга төгөлдөр нэрийг болгоон "Өлзий хутгийн номын орон" буюу "Дашчойлин" хэмээх алдрыг соёрхсон билээ.
Анхдугаар Богд Живзүндамбын гэгээнтэнийг таван сүүдэртээ байхад долоон хошуу халхчууд Ширээт цагаан нуурт шашины тэргүүнээ өргөмжлөн залж, шар бөсийн хот өргөөг барьж өргөсөн бөгөөд аажимдаа өргөжин Богдын хүрээ хэмээн нэрлэгдэх болжээ. Өндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн төвдийн Жамъянцорж Брайбун хийдэд байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгыг анхлан үүсгэн гаргаад, хоёр жилийн хойно буюу 1654 онд Хэнтий уулын өвөрт Ривогэжайганданшаддублин хэмээх Их хүрээг байгуулжээ.
Хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр дахин гурван аймаг тухайлбал хүрээний хамгийн отгон аймаг болох Эх дагины аймаг 1903 онд байгуулагдсанаар их хүрээ нийт гучин аймагтай болсон билээ.
Эдгээр Хүрээ гучин аймгаас одоо Вангай, Эрхэмийн аймгийн дуганы суурин дээр бид хурал номын үйл ажиллагаагаа сэргээн авч яваан хувьд "Зүүн хүрээ" хэмээх энэхүү эрхэм нэрийг залгамжлан хэрэглэж байгаа билээ.
Вангай аймгийн дуган буюу одоогийн Цогчин дуган
Халхын Түшээт хан аймгийн засаг ноён Санзайдорж 1740 онд Их хүрээнээ нэгэн сүм байгуулснаа 1757 он буюу XIII жарны улаагчин үхэр жилд жинхэнэ аймаг болгохоор II Живзүндамба хутагтад айлтгасныг ёсоор болгожээ. Анхлан Жүн ван хэргэмтэй хүн байгуулсан тул Ван гуайн аймаг хэмээн нэрлэж байсан нь хожим сунжирсаар Вангайн аймаг гэх болжээ. Одоо уг дуганд өдөр тутмын цогчин хурал, сүсэгтэн олны айлтгасан хурал хурж байна.
Эрхэм тойны аймаг буюу одоогийн Сахиусны дуган
Ганданчойнхорлин дуган
2000 онд тус хийдийг дахин сэргээсний арван жилийн ойг тохиолдуулан Ганданчойнхорлин буюу Төгс баясгалант номын хүрдэн дуганыг шинээр барьж нээсэн билээ. Ганданчойнхорлин дуган нь бусад хоёр дугантай адил үндэсний уран барилгын гэр хэлбэртэй бөгөөд үндсэн гол дуганыг тойруулан хурал номын айлтгалыг хүлээн авах газар, хийдийн захиргаа, мөн тус хийдийн дэргэдэх “Зүүн хүрээ” коллежийн багш нарын болон Буддын соёл судлалын өрөө, хичээлийн 4 танхим зэрэг өрөө тасалгаанууд байна.
Одоо Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь нийт 100 орчим ламтай, дэргэдээ шашны болон нийгмийн ухааны боловсрол мэргэшил олгох сургууль, судалгааны хүрээлэнтэй, хурал ном, сургалт, судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, хүмүүнлэг, байгаль хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон шашны байгууллага болж хөгжин билээ. Мөн тус хийд нь гадаад харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч дотоод гадаадын, олон улсын хүмүүнлэг, боловсролын болон шашны байгууллагуудтай нягт харилцаатай хамтран нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаа болно.