Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Хүрээ Майдар бурханыг дахин сэргээн бүтээсэн тухай

Image

Хүрээ Майдар бурханыг дахин сэргээн бүтээсэн тухай

                              
1. Хүрээ Майдар бурханыг дахин сэргээн бүтээсэн тухай

1990-ээд оны эхэн үеэс Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав ламтан тэргүүлэн бусад лам нарын хамт уламжлалт шашин соёлын нандин өв болох Хүрээ Майдар бурхныг дуганы хамт дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлсэн юм. Уг ажлыг амжилттай бүтээхийн үүднээс Хүрээ Майдар бурхан болон дуганы тухай судалгааны ажлыг хийж уг бурханыг Хутагтын Их хүрээнд бүтээсэн үйл ажиллагааны талаар тодруулж ажлынхаа суурь болгосон. 
Улмаар 2005 онд Хүрээ Майдар бурханыг дахин бүтээх ажлыг албан ёсоор нийтэд танилцуулж эрчимжүүлсэн бөгөөд хуучин уламжлалт хэв шинжийг хадгалж бүтээх судалгааг хийж дуусгасан. 2007 онд Хүрээ Майдар бурхны бүтээх эх загварыг Чойжин ламын сүм музейд залагдаж байгаа Анхдугаар богд Өндөр гэгээн Занбазарын дэг сургуулийн дагуу бүтээгдсэн Майдар бурханаас хуулбарлан томруулах аргаар МУЭ-ийн барималч Н.Оргил 1.6 метрийн өндөртэй бүтээсэн. Энэ нь Төвд, Хятад болон бусад бурханы шашинт азийн орнууд бүтээгдсэн Майдар бурхадаас ялгаатай, ур хийц, харагдах байдлын хувьд Өндөр гэгээн Занабазараас уламжлагдаж ирсэн монгол шинжийг агуулсан онцлогтой бүтээл болж чадсан. 


Хүрээ Майдар бурханыг БНХАУ-ын Сычуан мужийн Чэндү хотын “Sichuan Karma Bisno-Tibetan Art and Culture Development Co., LTD” компанид 2010 оны 12-р сард бүтээлгэж эхэлсэн. “Sichuan Karma Bisno-Tibetan Art and Culture Development Co., LTD” компанийн бурхан урлаач Гончигдаш тэргүүтэй төвд болон Балба урчууд барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу зэсээр бүтээж эхлэсэн. Улмаар 2013 онд бүтээж дуусан. 
Хүрээ Майдар бурхан, шүншигний эд зүйлс болон бусад дагалдах зүйлсийг 2014 оны 06-р сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч XVII Жарны “Ялгуулсан ” хэмээх модон морь жилийн зуны тэргүүн сарын шинийн арван тавны Бурхан багшийн Их дүйцэн өдөр буюу 2014 оны 06-р сарын 13-ны өдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд албан ёсоор залсан.



Хүрээ Майдарын дуганы барилгын шав тавих зан үйлийг 2012  оны 7 сарын 28-ны өдөр гадаад дотоодын нэр хүндтэй зочид, сүсэгтэн олон, лам хуврагууд хамтдаа шашны ном ёсны дагуу хийж гүйцэтгэн дуган барих газрын адисласан.



2.    Хүрээ Майдарын дуганы зураг төслийн тухай


Хүрээ Майдарын дуганы зураг төслийг “Baldan’s” ХХК-ийн архитекторч Д.Балдан, “Сүлд Проект" ХХК-ны архитекторч Г.Нямцогт нар хийж гүйцэтгэн 2012 оны 3-р сар 15-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын болон Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраар батлуулсан. 
Дуганы хувьд орчин үеийн сүсэгтэн олны эрэлт хэрэгцээг хангасан 5 давхар шилэн бүтээцтэй барилга байх бөгөөд давхар болгондоо олон нийтэд зориулсан соёл, зан үйл, хурал цуглаан, төрөл бүрийн сургалт, бясалгал зэргийг явуулах танхимуудтай байхаар тусгасан. Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээснээр нийслэл хотод маань түүх соёлын чухал нандин өв дахин бий болж гадаад дотооодын жуулчин мөргөлчидийн очих дуртай эрхэм газруудын нэг болох нь дамжиггүй юм. 
Хүрээ Майдарын дуганы барилгад орчин үеийн техник технологийг ашигласан “Smart” шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь түүнд хадгалагдах соёлын өвийг эрсдэл багатай зориулалтын орчинд хадгалан хамгаалах, зорин ирэгчдийн тав тухтай байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.



Бид Хүрээ Майдар бурханы амин модыг уламжлалын дагуу богд хан уулнаас БОНХЯамны зохих зөвшөөрөлөөр 2017 оны 06-р сард авч номын ёсоор бурхандаа залсан. 
Уг бурханы сүншигийг “Жадарын их хамба Агваанхайдав” хэмээн алдаршсан хамба номун хан Лувсанхайдавын зохиосон “Их хүрээний 80 тохой Майдар бурханд хэрхэн сүншиг өргөсний тайлбар” хэмээх судрын дагуу бэлтгэж 2017 оны 10-р сард сүншиглэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү сүншиглэх буяны их үйлсд нийт сүсэгтэн олон, ард иргэд өөрсдийн идэвхитэй санаачлага гаргаж эд материал, ажил хөдөлмөрөөрөө оролцож түүхийн дурсгалт соёлын өв, их шүтээнээ дахин сэргээн бүтээхэд хувь нэмрээ оруулсан.
Хүрээ Майдар бурханыг алтадах ажлыг 2018 оны 5-6-р сард хийж гүйцэтгэн мэлмийг 06-р сарын 08-ны өдөр нээсэн билээ. Хүрээ Майдар бурханыг равнайлах Дашням равнайг 06-р сарын 29-нөөс 7-р сарын 01-ний өдрүүд хурж 07-р сарын 01-ний орой нээлтийн ёслолыг хийсэн юм. 



Ийнхүү сүсэгтэн олон, ард иргэд, дэмжигч байгууллагууд, гадаад дотоодын буяны садан өглөгийн эзэд, лам хуврагуудын хамтаар Монголчуудын түүхийн дурсгалт соёлын өв, их шүтээн Хүрээ Майдар бурхан маань нийслэл хотдоо дахин амжилттай бүтээгдсэн билээ. 


Хүрээ Майдар бурханы дуганыг барих ажлыг БОРШООН УНДРАА ХХК 2017 оны 05-р сарын 09-ны өдрөөс эхлүүлэн гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар барилгын карказ цутгалтын ажлыг бүрэн хийж дуусгасан фасад, шилэн хана зэрэг бусад гадна ажлуудыг гүйцэтгэж байгаа болно. Бид 2020 онд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг дахин сэргээсний 30 жилийн ойгоор дуганы барилгыг бүрэн барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.