Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Сургалт

Image

Сургалт

Уламжлалт бурханы шашны сургаалыг сүсэгтэн олонд таниулах, соён гэгээрүүлэх, уламжлалт шашин соёлоо сэргээн судлах, мэдлэг боловсролтой, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх “Зүүн хүрээ” коллеж болон Буддын шашин, соёл судлалын хүрээлэнг байгуулан амжилттай ажиллаж байна.

Зүүн Хүрээ Коллеж
 
Тус сургуулийн үйл ажиллагаа нь нийгэмд хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэн дэлгэрүүлэх, уламжлалт өв соёл, хэл бичиг, зан заншил, монгол судлалыг дотоод гадаадад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэх юм. 
 
Зүүн Хүрээ коллежийн сургалтын чиглэл нь: 

 "Философи", "Хэл шинжлэл" гэсэн хоёр чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь монголчуудын уламжлалт өв соёл, хэл бичиг, зан заншил, монгол судлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг бөгөөд энэ талаар дотоод гадаадын сургуулиудтай хамтран судалгаа шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх, багш оюутан судлаач солилцох зэрэг хамтын ажиллагаанууд өргөжин тэлсээр байна. 

Хамтын ажиллагаатай байгууллагаууд: 

  • Унгар улсын "Dharma Gate" бурханы шашны их сургууль, 
  • Энэтхэг улсын Гоман дацан сургууль, 
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуулийн Буддын судлалын тэнхим 
  • Унгар улсын Өтвөш Лорандын (ELTE) Их сургуулийн Монгол, Өмнөд Ази судлалын тэнхим зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж байна. 

Сургуулийн онцлог давуу талууд: 

  • Уламжлалт "Есөн зүйлийн сургууль"-ийн өвийг хадгалсан "хэл шинжлэл" судлалын чиглэлээр сургалт явуулж, монголчуудын хэл соёл, үсэг бичгийн өвийг дэлгэрүүлэхэд анхааран ажиллах. 
  • Ашгийн бус тул оюутанг үнэ төлбөргүй сургах. 
  • Зүүн Хүрээ Дашчойлин хийд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудаас уламжлалт шашин соёлын зан үйлүүд, мөн боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр зохион байгуулдаг олон улсын үйл ажиллагаанд биеэр оролцож дадлага хийх бүрэн бололцоотой. 
  • 5 улирал дараалан онц суралцсан оюутанд захиралын нэрэмжит тэтгэлэг олгох. 
  • Тус сургууль нь сургалтын тав тухтай орчин бүрдсэн өөрийн хичээлийн байртай. 
  • Дорно дахины их бага арван ухаан, монголын түүх, ёс заншил, эх бичиг судлал, хэл шинжлэл, нийгэм хүмүүнлэгийн ухааны болон бусад салбар чиглэлийн 9000 гаруй номын фонд бүхий номын сантай. 

Зөв амьдрах ухаан сургалт

Сургалтын зорилго: 

  • Нийгэмд хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор ард иргэд, сүсэгтэн олонд уламжлалт шашин соёлын талаар тодорхой мэдлэг эзэмшүүлэх. 
  • Буддын онол сургаалыг шинжлэх ухааны мэдлэгтэй холбон тайлбарлаж зөв амьдрах утга учрыг таниулах.

Сургалтын онцлог: 

Зөв амьдрах ухаан” сургалтаа ёс суртахуун, бясалгал, танин мэдэхүй хэмээх Бурханы шашны 3 суртгаалын дагуу явуулж доорх хичээл сургалтанд хамруулдаг. Үүнд: 
  • Анхан, дунд, дээд гэсэн шатлалтайгаар нэг түвшинд 40 цагийн хичээл, нийт 3 түвшиний 120 цагийн хичээл судалдаг. 
  • Хичээлийн сэдэвтэй уялдуулан музей, түүхэн дурсгалт газруудыг үзүүлэх, ариун дагшин газруудаар эргэл мөргөл хийлгэдэг. 
  • Суралцагчидтай хамтран буяны үйл ажиллагаа зохион байгуулдаг. 
  • Сургалт үнэ төлбөргүй бөгөөд төгсөгчидөд “Батламж” гардуулдаг.

Бурханы шашин соёл судлалын хүрээлэн


Уламжлалт шашин, соёл, бурханы шашны сургаал, шинжлэх ухааны мэдлэгийг иргэд олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, ард олныг гэгээрүүлэх, бурханы онол сургаалийг тайлбарлан таниулах, бурханы шашин, соёлын өвийг судлан шинжлэх зорилгоор "Зүүн Хүрээ" Дашчойлин хийдийн дэргэд Бурханы шашин соёл судлалын хүрээлэнг 2017 оны 10 сарын 21-ний өдөр байгуулсан юм.

Өнөөг хүртэл энэ хугацаанд Монголын уламжлалт ёс заншил, шашин соёлтой холбоотой тухайлбал гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцох, эрдэм шинжилгээний судалгааны бүтээл гаргах, орон нутагт хээрийн шинжилгээ, судалгаа хийх, уламжлалт бичгийн эх сурвалжийг орчуулан нийтлэх зэрэг олон талт арга хэмжээг хүрээлэнгээс хэрэгжүүлсээр байна.

Тус хүрээлэн нь 2017 онд “Хүрээ Майдар: Энэрэл, нигүүлсэл” сэдэвт олон улсын симпозиум амжилттай зохион байгуулсан. Энэхүү олон улсын хуралд Тайланд, БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, Унгар, Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулага хүрээлэнгээс академич, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, бурхан шашны Теравада, Их хөлгөн, Очирт хөлгөний сүм хийд, лам хуврагууд оролцож, даян дэлхийн бурхан шашны төлөв байдал, улс үндэстэн бүрийн Майдар бурхны шүтлэгийн уламжлал, Майдар бурхны онол сургаалийн талаар илтгэл хэлэлцэсэн билээ.

Хүрээлэнгээс хийж буй нэгэн чухал ажил бол бурхан шашны уламжлалт нэр томъёоны толь бичгийг таван хэлээр тухайлбал санскрит, төвд, монгол, хятад, англи таван хэлээр зохион гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн монгол мэргэдийн төвд хэлээр зохиосон зохиол бүтээл сүмбүмийг иж бүрнээр нь монгол хэл рүү орчуулах ажлыг санаачлан эхлээд одоогоор Өндөр гэгээн Занабазар, Аръяа Жанлүн бандид, Үзэмчин Лувсанцэдэн лхарамба, V Богд, VII Богдын бүрэн зохиолын эмхэтгэлийг монгол хэлээр орчуулж хэвлэн гаргасан. Удахгүй IV Богд, VIII Богд нарын сүмбүм орчуулж хэвлэхээр бэлтгэж байна. Цаашид төвд хэлээр зохиол бүтээл туурвисан монгол мэргэдийн бусад сүмбүм зохиолыг орчуулж, цуврал болгон хэвлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд ажил маань амжилттай явагдаж байна.